Рефлекс эмнэлгийн ерөнхий захирал, АУ-ны доктор, МУ-ын зөвлөх эмч Ж. Сарангэрэл

  • 1991 онд ХБНГУ-ын Халле хотын Мартин-Лютерийн нэрэмжит Их Сургуулийн Анагаах Ухааны Факультетийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн.
  • 1991-1999 онд уг сургуулийн харъяа мэдрэлийн болон сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ажиллаж, ХБНГУ-ын мэдрэл судлалын эмчийн сургалтын хөтөлбөрийн дагуу олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн мэдрэлийн эмчийн зэрэг хүртсэн.
  • 1998 онд "Тархины судасны өнгөт хэт авиан оношилгоо" сэдвээр ХБНГУ-д Анагаах Ухааны доктор цол хамгаалсан.
  • 2004 онд ЭМШУИС-ийн харъяа УАС-ийн зүү төөнүүрийн резидентур төгссөн.
  • 2013 онд Мэдрэлийн Зөвлөх эмчийн зэргийг хамгаалсан.
  • Монголын Неврологийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч, Дэлхийн Мэдрэлийн Эмч нарын Холбоо, Дэлхийн Мэдрэлийн Нөхөн Сэргээн Заслын Холбооны гишүүн бөгөөд ХБНГУ-ын Монгол дахь ЭСЯ-ны итгэмжлэгдсэн эмч юм.
  • 1999 оноос эхлэн мэдрэлийн эмч нарт “тархины судасны хэт авиан оношилгоо”, “тархины цахилгаан оношилгоо” сэдвээр төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

ХӨДӨЛГӨӨНИЙ АЧ ТУС

Бүх эмгэгийг эдгээж, нас уртасгадаг эм гэж байдаг уу? Үгүй... Тоолшгүй олон тооны эмгэгийг эдгээдэг, гаж нөлөө үгүй, үнэгүй, удаан наслуулж, сэтгэл өөдрөг байлгах зүйл бол хөдөлгөөн.

Дасгал хөдөлгөөн хийхэд хүний биед олон өөрчлөлт илэрдэг, жишээ нь, зүрх хурдан цохилно, биеийн температур нэмэгдэнэ, тэжээл дамжуулдаг олон бодисууд идэвхжиж, цусан хангамж сайжирна. Идэвхтэй хөдөлгөөний үед тархин доторх мэдрэлийн эсүүд шинээр холбогдож, гэмтсэн эд илааршиж, булчингийн хүч нэмэгдэнэ. Булчин агчих бүрт түүний бэхлэхдэх яс, үе хөдлөж, ясан дотор тэжээл хүрч, шинэчлэгдэх процесс идэвхжинэ, булчин зангирах, толгой өвдөх, үе мөч хөндүүрлэх зовиурууд арилна, ясны сийрэгжилтээс сэргийлнэ.

Хүний тархины үйл ажиллагаанд биеийн тамир хэрхэн нөлөөлдгийг Германы Кёлн хотын Биеийн тамир – Мэдрэл судлалын Эрдэм шинжилгээний Институтийн судлаач Штефан Шнайдер судлажээ. Хөдлөх үед хүний тархины хөдөлгөөний төв идэвхжинэ, зэрэгцэн хүний логик сэтгэхүй, төлөвлөлтийг хариуцах тархины дух хэсгийн гадаргуун үйл ажиллагаа дарангуйлагдаж, амардаг байна. Шнайдер хэлэхдээ, хэт ачаалалтай компьютерийн ресет товчлуурыг дарах мэт төсөөлж болно гэжээ. Тархийг шинээр асаахад анхаарал сайжирч, бид тодорхой агуулганд бодол санааг төвлөрүүлж чадна. Товчоор хэлбэл, бидний толгой чөлөөлөгдөж, илүү хурдан, илүү сайн сэтгэх болно.