Асуулт хариулт

Асуулт:

Танай эмнэлэгт үзүүлэхийн тулд юу бэлдэх вэ?

Хариулт:

Та эмчид үзүүлэхийн өмнө 75771227 дугаарын утсаар, эсвэл биеэр ирж, эсвэл фэйсбүк нүүрийн чатаар холбогдож үзлэгийн цаг захиална. Яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд шууд эмнэлэгт хандаж болно.


Асуулт:

Эмчийн үзлэг хэр удаан үргэлжлэх вэ? Үзлэгт шинжилгээ оношилгоо багтах уу?

Хариулт:

Мэдрэлийн эмчийн нарийн үзлэг 30-60 минут үргэлжлэнэ. Үүнд, өвчний түүхийг няхуур лавлаж, зовиураас хамааран өвчтөнд мэдрэлийн нарийн үзлэг хийж, хийгдсэн шинжилгээнүүдтэй танилцаж, урьдчилсан онош тогтоон, цаашдын оношилгоо, эмчилгээний төлөвлөгөө гаргана, өвчтөнд зөвлөгөө өгнө. Зарим тохиолдолд аппаратын оношилгоо нэмэлтээр хийлгэхийг зөвлөнө. Эмчийн үзлэг, бичлэг, бусад оношилгооны үнэ тусдаа байна.


Асуулт:

Давтан үзүүлэхэд төлбөртэй юу?

Хариулт:

Үзүүлснээс 30 хоногийн дотор шинжилгээний хариу үзүүлэх, давтан үзүүлж хянуулахад төлбөр төлөхгүй. 1 сарын хугацаа өнгөрч, давтан үзүүлэх тохиолдолд үзлэгийн төлбөрийг дахин төлнө.  


Асуулт:

Эмчийн хяналтанд яаж орох вэ?

Хариулт:

Олон дахин ирж үзүүлэх шаардлагатай, байнга хянуулах шаардлагатай хүмүүс 3 сар, эсвэл 1 жилийн хяналтын төлбөр төлснөөр олон давтан үзүүлж болно. Энэ хугацаандаа шаардлагын дагуу ойр ойр үзлэгийн цаг тохирч, үзүүлж болно.


Асуулт:

Танай эмнэлэгийн үзлэг оношилгооны давуу тал нь юу вэ?

Хариулт:

Үзлэг, шинжилгээ оношилгоо Олон улсын стандартын түвшинд чанартай хийгдэнэ.

Манай эмнэлгийн хамгийн онцлог, давуу тал нь мэдрэлийн үзлэгийг няхуур хийж, дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөхөд оршино. Өвчний түүхийг сайн лавлаж, хийгдсэн шинжилгээ болон мэдрэлийн үзлэгт илэрсэн өөрчлөлтийг уялдуулан онош тавьж, цаашдын оношилгоо, эмчилгээг тайлбарлана. Эм бүр хоруу чанартай байдаг тул аль болох эмийн бус аргуудыг санал болгож, эмийн эмчилгээ бичих тохиолдолд болзошгүй гаж нөлөө, анхаарах зүйлсийг тайлбарлаж өгнө.

АНУ, Герман, Япон, Солонгосын тоног төхөөрөмжөөр оношилгоо хийж, дүгнэлтийг дэлгэрэнгүй бичиж бичлэгийн хамт өгнө.


Асуулт:

Эмчид үзүүлэхгүй зөвхөн бичлэг хийлгэж болох уу?

Хариулт:

Болно. Урьдчилан сэргийлэх зорилгоор, эсвэл өөр эмнэлгээс оношилгоонд илгээсэн тохиолдолд шинжилгээнд шууд орно.


Асуулт:

Ямар ямар бичлэгийг зөвхөн танай эмнэлэгт хийдэг вэ?

Хариулт:

Тархины судасны өнгөт хэт авиан шинжилгээ, булчингийн цахилгаан бичлэг, захын мэдрэлийн судасны бичлэг, дуудлагат потенциал зэрэг шинжилгээнүүдийг манай эмнэлэг Монгол Улсад анх нэвтрүүлсэн. Үйл ажиллагаа явуулсан хугацаандаа эдгээр шинжилгээнд олон тооны эмч нарыг сургаснаар одоо хэд хэдэн эмнэлэгт амжилттай нэвтэрсэн билээ.


Асуулт:

Эмч нарын мэдлэг туршлагын талаар?

Хариулт:

ХБНГУ-д мэдрэлийн эмчийн зэрэг эзэмшсэн Сарангэрэл эмч нь бусад эмч нарын мэргэшил, ур чадвар дээшлүүлэхэд байнга анхаарч, сургалт идэвхтэй зохион байгуулан ажиллаж байна. Мөнхбаяр эмч нь мэдрэлийн үзлэг, зөвлөгөө, тархины судасны хэт авиан оношилгоо болон мэдрэл-булчингийн цахилгаан оношилгоо зэрэгт дадлагажсан, туршлагатай эмч нарын нэг юм. Даваадулам эмч нь тархины судасны хэт авиан оношилгооны арвин туршлагатай, Сэлэнгэ эмч нойрны эмгэг, толгойн өвдөлт зэргээр, Энхтунгалаг эмч эпилепсийн уналт таталт, мэдрэлийн сэргээн засах эмчилгээ зэргээр түлхүү мэргэшиж ажиллаж байна.

Манай эмч нар Германы мэдрэлийн эмч нартай байнга харилцаатай хамтран ажилладаг. Мөн Монголын мэдрэлийн эмч нартай сүүлийн үеийн оношилгоо эмчилгээний арга барилаас хуваалцан, тасралтгүй сургалт семинар зохион байгуулдаг билээ.


Асуулт:

Тархины цахилгаан бичлэг хийлгэхэд юу анхаарах вэ?

Хариулт:

Бичлэгт ирэхээс өмнөх 24 цагийн дотор нойрны ямар ч эм уугаагүй байх, толгой үс хиргүй, үсний цацлага тос хэрэглээгүй байх.


Асуулт:

Хүүхдэд тархины цахилгаан бичлэг яаж хийлгэх вэ?

Хариулт:

4-с доош насны хүүхдэд уг бичлэгийг хийлгэхдээ хүүхдийн унтах цагийг тааруулж ирнэ. Учир нь бичлэгийн үед нүд аниастай, хөдөлгөөнгүй байвал техникийн алдаа бага, бичлэгийн чанар илүү сайн байна. Хүүхдийн толгойг угаасан, цэвэр байх хэрэгтэй. Зарим тайван хүүхдэд сэрүүн үед бичлэг боломжтой.