Өнгөт хэт авиан шинжилгээ (ДОППЛЕРОГРАФИ, ДУПЛЕКССОНОГРАФИ)
Өнгөт хэт авиан шинжилгээгээр тархины, мөчдийн артери/вен судасны өөрчлөлтийг, мөн тархи, булчин, шөрмөс, үений бүтцийг оношлож болно. Манай эмнэлэг энэ шинжилгээг Олон Улсын стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
Өнгөт хэт авиан шинжилгээ нь хоргүй, аюулгүй, хямд төсөр, олон давтан хийх боломжтой оношилгоонд багтана, үүгээр нярайн тархины бүтцийг хянах боломжтой.
Допплерографи
Допплерографийн шинжилгээгээр судсыг харахгүй, “сохор” аргаар, цусны урсгалын хурдыг хэмжиж, хөдлөлзүйн үзүүлэлтээр нарийсал бөглөрлийг дүгнэнэ. Судасны хатуурлын эрт үе шатыг үүгээр тодорхойлох боломжгүй.
Дуплекссонографи
Дуплекссонографийн шинжилгээгээр судасны бүтцийг харж, судасны ханын өөрчлөлт, хатуурлын товрууг дүрслэн хэмжиж, судасны нарийслын хувийг тодорхой тогтоож, бөглөрөл буй эсэхийг тодорхой харна.
Тархины судасны допплерографи, дуплекссонографи
Тархины судасны хэт авиан шинжилгээ нь хоёр хэсгээс бүрдэнэ: хүзүү хэсгийн ба гавлын доторх хэсгийн үзлэг. Уг шинжилгээг дараах заалтаар хийнэ:
- зүрх судасны өвчний эрсдэл хүчил зүйл бүхий хүмүүст (үүнд, цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, зүрхний шигдээс, зүрхний хэм алдагдал, бусад зүрхний өвчин, өмнө харвасан байдал, өөх тосны бодисын солилцооны өөрчлөлт, харвалтын удам, өндөр нас, тамхи таталт, архидалт, сэтгэл санааны стресс, таргалалт, хөдөлгөөний дутагдал г.м.)
- цочмог харвалт, харвалтын үеийн эмчилгээний хяналт
- Харвалтын шинж тэмдэг бүхий хүмүүст (талбиеийн саажилттай, нэг талын хараа гэнэт муудах)
- Гүрээний судсыг чагнахад шуугиан сонсогдох
- 2 талын гарын даралт зөрөөтэй байх, эгэм доорх артерийн тонох шинжийг сэжиглэх
- Гүрээний артерийн эмгэгтэй өвчтөний хяналт
- Гүрээний артерийн мэс засал, судас дотуурх эмчилгээний дараах хяналт
- Зүрх судасны мэс заслын өмнөх хяналт
- Судасны мэс заслын үеийн мониторинг хяналт
- Тодорхой бус муужралт, уналт таталт, толгойн эргэлтийг оношлох
- Хүзүү хэсэгт эзэлхүүнт массын оношилгоо
- Хүзүүний гэмтэл
- Хүзүү хэсгийн туяа эмчилгээний дараах хяналт
- Хадуур эст эмгэгийн үеийн харвах эрсдэлийг тодруулах
- Тархины судасны гажиг, хавдар зэргийг илрүүлэх, холбоотой судсуудыг тогтоох
- Хүүхдэднэмэлтээр: гавлын дотоод даралт ихсэх шинж, тархины усжилтийн хяналт, тархины венийн оношилгоо
Хөлийн судасны өнгөт хэт авиан оношилгоо
зүрх судасны өвчний эрсдэл хүчил зүйл бүхий хүмүүст (үүнд, цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, зүрхний шигдээс, зүрхний хэм алдагдал, бусад зүрхний өвчин, өмнө харвасан байдал, өөх тосны бодисын солилцооны өөрчлөлт, удам, өндөр нас, тамхи таталт, архидалт, сэтгэл санааны стресс, таргалалт, хөдөлгөөний дутагдал г.м.) хөлийн судасны хатуурал, нарийсал/бөглөрлийг илрүүлэх
- захын артерийн бөглөрөх эмгэг, алхах ачааллаас хамааран хөл өвдөх шинж
- нэг талын хөлийн өнгө хувирах, цайвар цагаан болох, эсвэл улаан, хөхөлбөр өнгөтэй болох
- хөлийн артерийн мэс засал, судас дотуурх эмчилгээний дараах хяналт
- хөлийн вен судасны бүдүүрлийг зэргийг тогтоох
- хөлийн гүний вен судасны тромбоз
- хөлийн вен судасны үрэвсэл
- хөлийн вен судасны мэс заслын дараах хяналт
Гарын судасны өнгөт хэт авиан оношилгоо
- хөлийн судастай адил заалтаар шалгана
- 2 талын гарын даралт зөрөөтэй байх
Зулайн эхо
Зулайн эхо шинжилгээг нярайн тархины ерөнхий бүтцийг дүрслэх, дутуу төрсөн, өндөр эрсдэлтэй нярайн тархины оношилгоонд ашиглана. Үүнийг хийхэд хялбар, түргэн, шинжилгээ нь хямд төсөр, туяны хоргүй, унтуулах наркозонд оруулах шаардлагагүй, давтан хянах боломжтой зэрэг давуу талтай юм.
Зулайн эхоны заалтанд тархины цус хуралт, тархины усжилт, төрөх үеийн хүндрэлийн үр дагавар болох ховдол тойрсон эдийн гэмтэл (перивентрикулар лейкомалаци) багтана. Үүнээс гадна, тархины гажиг, хавдар гэсэн бүх төрлийн эмгэгийн оношилгоонд хэрэглэж болно.
Мөрний үений эхо
Мөр өвдөх шинж тэмдэг элбэг тохиолддог өвчний нэг юм. мөр тойрон хөндүүрлэх, хүчний ажил хийх, дарж хэвтэх үед сэдэрдэг энэ өвдөлт голчлон ахимаг насны хүмүүст тохиолддог. Хамгийн элбэг тохиолдох шалтгаанд мөрний үеийг хучих далны булчингийн шөрмөсний үрэвсэл, урагдал багтдаг. Мөн үений уутанцарын үрэвсэл, шөрмөс хавчигдах шинж зэрэг бусад шалтгааны улмаас мөр өвдөж болно.
Мөр тойрсон булчин, шөрмөсний бүтцийг эхо шинжилгээгээр хялбар харах боломжтой. Хэт авиан төхөөрөмжийг ашиглан няхуур үзэхэд соронзон-резонанст дүрст оношилгоотой адил мэдээлэл авах болмжтой.
Бугуйн сувгийн эхо
Сүүлийн үед хэт авиан төхөөрөмжийн чанар сайжирч, бичил бүтэц болох мөчдийн мэдрэлийн судасны эмгэгийг дүрслэн оношлох боломжтой болсон.
Шөнө, үүрээр гар бадайрах, хавдах, янгинаж өвдөх шинжээр “бугуйн сувгийн хамшинж” хэмээн нэрлэгдэх өвчин илэрдэг. Үүнд, бугуйн үений дотор талын ясан суваг дотор хуруу нугалагч олон булчингийн шөрмөс дунд гарынд дундах мэдрэлийн судас хавчигдаж, үрэгдэж гэмтсэн байдаг. Дундах мэдрэлийн судсыг хэт авиан шинжилгээгээр дүрслэх, гэмтсэн хэсэг, хавагнасан байдал, бусад бүтцийн өвөрмөц өөрчлөлт зэргийг оношлох боломжтой.