Тархины цахилгаан бичлэг (ЭЭГ)

Тархины цахилгаан бичлэгээр (электроэнцефалограмм = ЭЭГ) тархины эд эсээс үүсэх цахилгаан потенциалыг бүртгэнэ. Уг шинжилгээ нь хоргүй, хямд төсөр бөгөөд тархины суурь идэвхжилийн тухай мэдээлэл, ерөнхий болон голомтот өөрчлөлт, мөн эпилепсийн уналт таталтын өөрчлөлт зэргийг илрүүлнэ.

Заалт:

Энэ шинжилгээг эпилепсийн уналт таталтын өвчин, тархины гэмтэл, тодорхой бус ухаан алдалт, танин мэдэхүйн бууралт, тархины ерөнхий үйл ажиллагааг хянахад хэрэглэнэ.

Бэлтгэл:

Толгойг угаасан, үс цэвэр байх. Үсэнд шпрей цацаагүй, гель, тос түрхээгүй байх. 24 цагийн дотор нойрны эм хэрэглээгүй байх.

Өдрийн, сэрүүн үеийн ЭЭГ:

Өдрийн цагаар, сэрүүн үед хийгдэх стандарт ЭЭГ шинжилгээ нь 20 мин үргэлжлэнэ. Өвчтөн нүдээ аниж, биеэ суллан, тайван сууж бичлэг хийлгэнэ. Бичлэгийн явцад нүд нээх, аних үеийн урвал, гэрлийн дохио, хэт агааржилтын сорил зэрэг цочролын үед тархины цахилгаан идэвхжил хэрхэн өөрчлөгдөхийг шалгана.

Эпилепсийн уналт таталтыг оношилж, батлах зорилгоор уналт таталтаас хойш, 24 цагийн дотор ЭЭГ хийлгэхэд өвчнийг оношлох, батлах чанар сайн байна.

Шөнийн, нойрны ЭЭГ:

Эпилепсийн болон нойрны эмгэгийг тодруулах, өдрийн ЭЭГ-ийн бичлэгт эмгэг өөрчлөлт илрээгүй, эсвэл голчлон шөнө, нойрон дунд унаж татдаг тохиолдолд шөнийн цагаар, унтах үед ЭЭГ-ийн бичлэг хийнэ. 

Хүүхдийн насны уналт таталтын өвчний үед шөнийн бичлэгт ихэнхдээ эмгэг өөрчлөлт тод илрэнэ. Нойрны хоргүй өвчнийг эпилепсийн өвчнөөс ялган салгахад шөнийн бичлэг чухал ач холбогдолтой юм.