Хөдөлгөөн засал ба физик эмчилгээ

Харвалт, тархи нугасны гэмтэл, үрэвсэл, мэс заслын дараа мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж, саа, саажилт үүсч, өвчтөний хөдөлгөөн хязгаарлагддаг. Төгс эмийн эмчилгээ байхгүй энэ тохиолдолд аль болох эрт хөдөлгөөн заслын эмчилгээ эхлэвэл асаргаа сувилгааны байдлаас өвчтөн богино хугацаанд ангижирч, бие даан амьдрах хэвмаягт шилжих боломжтой юм. Хүнд өвчний дараах хөдөлгөөн заслын эмчилгээг хэдэн долоо хоногоос хэдэн сар, заримдаа хэдэн жилийн турш үргэлжлүүлэх шаардлагатай байдаг.

Сэргээн засах эмчилгээг ямар зорилгоор хийх вэ?

Сэргээн засах эмчилгээний гол зорилго нь мэдрэлийн өвчний үр дагаварыг багасгах, хэдийгээр саа, саажилт ихэнхдээ үлдэх боловч аль болох бие даан амьдрах аргад сургахад оршино. Үүний тулд дараах зорилтуудыг тавина:

  • Саажсан мөчдийн хөдөлгөөнийг дэмжих, хүч сайжруулах дасгал хийх,
  • Тэнцвэр болон хөдөлгөөний эвслийг дэмжин дээшлүүлэх,
  • Хөдлөх хүч, ачаалал даах хугацаа, чадварыг ихэсгэх,
  • Энгийн хөдөлгөөн, өдөр тутмын үйлдэл хийх чадварыг дээшлүүлэн, амьдралын чанар сайжруулах, нийгмийн харилцаа холбоог идэвхжүүлэх,
  • Булчин чангарах тохиолдолд чангарал бууруулах, үе мөчний зөв байрлалыг хадгалах, хөдөлгөөний далайцыг хадгалах, хөшихөөс урьдчилан сэргийлэх.