• Мэдрэл судлал

Мэдрэл судлал

Мэдрэл судлал гэж юу вэ?

Эмч, оюутан сурагчид дунд мэдрэл судлал нь анагаах ухааны салбаруудаас хамгийн хэцүүд тооцогддог. Тархи мэдрэлийн тогтолцоо нь хүний биеийн бүх эрхтэний үйл ажиллагааг удирдан зохицуулдаг тул мэдрэл судлалд мэдрэлийн тогтолцооноос гадна, дотор эрхтэнүүд, нүд, чих, хамар, арьс салст зэрэг бусад бүх эрхтэний үйл ажиллагаа багтдаг юм. Мэдрэлийн эмч нь хүний биеийн нарийн анатом физиологийг сайн мэддэг, эрхтэн тогтолцоо хоорондын уялдаа холбоог ойлгосон байх ёстой.

Тархи нугас, мэдрэхүйн эрхтэнүүд, захын мэдрэлийн ширхэгүүд болон булчингийн үйл ажиллагаа, органик эмгэгийг судладаг нарийн мэргэжлийн эмчийг мэдрэлийн эмч гэнэ. Мөн сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой, "хуурамч" саа\саажилт, мэдрэхүйн өөрчлөлт болон архаг өвдөлтийн шинжүүдийг мэдрэлийн эмч ялган салгах үүрэгтэй.

Ямагт мэдрэлийн тогтолцооны эмгэг өөрчлөлтийг хүний биеийн бүхэл бүтэц, үйл ажиллагаатай холбож авч үзнэ. Мэдрэлийн эмгэгт маш олон төрлийн өвчин эмгэг багтана. Үүнд, тархи, тархины бүрхүүл болон нугасны үрэвсэл (менигит, энцефалит, миелит), тархмал хатуурал (тархи, харааны мэдрэл болон нугасыг хамарсан архаг даамжирсан үрэвсэлт эмгэг), харвалт, гэмтэл, нурууны өвчин, толгойн хурц болон архаг өвдөлт, толгой эргэлт, уналт таталт, булчингийн хатингирал г.м..

Мэдрэлийн оношлогоо \ шинжилгээ

Таны мэдээлэлд:

Энэ хэсэгт мэдрэлийн үзлэг болон бусад шинжилгээ оношлогоог тайлбарласан байна. Энэ тухай мэдээлэл авснаар та эмчийн үзлэг болон шинжилгээнд бэлтгэлтэй ирж, нэмэлт оношлогооны ач холбогдлыг ойлгох болно.

Мэдрэлийн эмчийн нарийн үзлэг

Үзлэг эхлэхээс өмнө эмч таны зовиур болон өмнө тусч байсан өвчин эмгэгийг лавлаж асууна. Ихэвчлэн дараахи асуултууд тавигдана:

  • Та ямар зовиуртай вэ?
  • Танай өвдөлт \ зовиур хаана байрласан байна? Өвдөлт \ зовиур биеийн бусад хэсэгрүү дамжиж тархах уу?Эдгээр зовиур яг хэзээ эхлэсэн бэ? Хэр удаан үргэлжлэж байна?
  • Өвдөлт \ зовиур гэнэт эхлэсэн үү эсвэл аажим алгуур эхлэсэн үү?
  • Өвчний явц ямар байна? Өвдөлт \ зовиур намдах буюу ихэссэн үү? Огт зовиургүй үе бий юу? Өвдөлт \ зовиурыг сэдрээж буй хүчин зүйл бий юу?
  • Та ямар эмчилгээний аргуудыг хэрэглэсэн бэ?
  • Та өмнө нь ямар нэгэн хүнд өвчин тусч байсан уу?
  • Өмнө нь мэс засал хийлгэсэн үү? Хэзээ ба ямар мэс засал хийлгэсэн бэ? - Та тогтмол эм хэрэглэдэг үү? Ямар? Хэр удаан уусан бэ? - Танд харшилдаг, таардаггүй эм тариа байдаг уу? Ямар? Эдгээр эмүүд хэрхэн харшилах вэ? Өөр ямар нэгэн харшил бий юу?
  • Танай цусны даралт ихэсдэг үү? Тогтмол эм уудаг уу? - Та чихрийн шижинтэй юу?
  • Танд өөх тосны бодисын солилцооны эмгэг бий юу?
  • Та тамхи татдаг уу? Архи тогтмол уудаг уу? - Танай нойр ямар вэ?
  • Та биеийн тамир, хөдөлгөөн гимнастик хэр тогтмол хийдэг вэ? Та суугаа ажилтай юу? Та биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг үү?
  • Танай биеийн жин нэмэгдэж \ хасагдаж байна уу?