Эпилепсийн уналт таталт

Хүн амын 5% орчим нь амьдралдаа нэг удаа ямар нэгэн шалтгааны улмаас унаж татдаг байна. Тодорхой шалтгаангүй хоёр буюу түүнээс дээш удаа уналт таталт давтагдах бол эпилепсийн өвчин болно. Тархины цахилгаан потенциал хэт идэвхижсэний улмаас богино хугацаанд тархины үйл ажиллагаа саатаж, эпилепсийн уналт таталт үүсдэг. Нэг удаагийн уналт ихэвчлэн цөөхөн минут үргэлжилдэг боловч энэ нь хажуугийн хүнд айдас төрүүлдэг. Улмаар эпилепси өвчний талаар мэдлэггүй хүн буруу дүгнэлт хийж болзошгүй юм. Тиймээс эпилепси нь тархины эмгэг боловч, сэтгэцийн эмгэг биш гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Эпилепси өвчтэй хүн унаж татахгүй бол өдөр тутмын ажил үйлдэлд оролцох бүрэн боломжтой. Орчин үед хэт идэвхжсэн тархины цахилгаан потенциалыг эм ууж дарангуйлах боломжтой болсон. Эм ууснаар уналтын тоог эрс цөөрүүлж, айдас зовиургүй амьдрах боломжтой. Унаж татдаг өвчтөнийг гадуурхалгүй, түүний өвчнийг нь ойлгож, чадварыг нь үнэлэх зэргээр ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэх нь чухал байдаг.

Өвчтөн өөрөө болон хажуугийн хүмүүс уналт таталтын үед хэрхэн туслах, юу ажиглах ёстой, өвчтөнтэй хэрхэн харьцах талаар тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Тиймээс энэхүү лавлахыг эпилепсийн өвчтэй хүмүүст болон тэдгээрийн төрөл садан, хүрээлэн буй хүмүүст зориулав.

Төрөлхийн эсвэл олдмол эмгэг үү?

Эпилепсийн уналтын өвчин нь олон янзын шалтгаантай байж болно. Төрөлхийн тархины гаж хөгжил, төрөх үеийн хүндрэл, тархины эдийн болон бүрхүүлийн үрэвсэл, гэмтлийн дараах сорви үлдэцийн улмаас уналт таталт үүсч болдог.

Мөн тархины даамжирсан эмгэг болон хавдар, настай хүмүүст тархины судасны хатуурал, тархины хатингирал уналт таталтын шалтгаан болно. Эдгээр тохиолдолд эпилепсийн уналт таталт нь тархины хүнд эмгэгийн үлдэц буюу суурь өвчний нэг шинж тэмдэг болдог. Үүнийг шинж тэмдгийн буюу симптоматик эпилепси гэж нэрлэнэ. Харин тодорхой шалтгаан олдохгүй, тархины бүтцийн өөрчлөлт байхгүй тохиолдолд уналт таталт илэрвэл идиопатик эпилепси гэж нэрлэнэ.

Ховор тохиолдолд эпилепси тухайн хүний удамтай холбоотой байдаг.

Эпилепси гэж юу вэ?

Хүний их тархи нь хоорондоо нягт уялдаа холбоотой мэдрэлийн эсүүдээс бүрддэг. Аль нэг мэдрэхүйн эрхтэнд (нүд, хамар, чих, арьс г.м.) гадны цочрол нөлөөлөхөд мэдрэлийн эсүүдэд цахилгаан потенциал үүсч дамжина. Энэхүү цахилгаан потенциалын дамжуулалт өөрчлөгдөж, цахилгаан хэлбэлзэл хэт идэвхжихэд эпилепсийн уналт үүснэ. Үүнийг дуу цахилгаантай бороо орохтой зүйрлэж болно.

Эпилепсийн уналт нь хүн бүрт хэт их ядарсан, цочирсон, архи болон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний дараа тохиолдож болно. Эпилепсийн өвчний үед тодорхой шалтгаангүй дахин давтагдан тархины эсүүд хэт идэвхжинэ. Тархины цахилгаан потенциалын хэт идэвхжсэн байдлыг тархины цахилгаан бичлэгээр (Электроэнцефалограмм) илрүүлж болно.

Эпилепси өвчний шалтгаан нь янз бүр байдаг. Зарим тохиолдолд ургийн болон хүүхдийн бага насны тархины гэмтлүүд эпилепси үүсгэдэг. Ялангуяа төрөлтийн үед хүчилтөрөгч удаан хугацаагаар дутагдах нь хүүхдийн тархинд хүчтэй нөлөөлдөг. Үүнээс гадна тархины үрэвсэл, хавдар, гэмтэл, хордлого /жишээ нь, архины/, тархины судасны эмгэг болон бусад бодисын солилцооны өөрчлөлтүүд уналт таталтыг үүсгэж болно. Мөн удмын гаралтай ч байж болно.

Гэхдээ тэр бүр эпилепсийн тодорхой шалтгаан олддоггүй, энэ тохиолдолд эпилепси нь бие даасан тархины эмгэг болно. Уналтын эсрэг эмийн эмчилгээ аль болох эрт, оновчтой, тууштай хийгдвэл эпилепси өвчтэй хүмүүсийн оюун ухааны чадвар эрүүл хүнийхтэй адил байх боломжтой. Унадаг хүмүүсийн дунд ч, эрүүл хүмүүсийн дунд ч оюун ухааны хөгжил муутай, хэвийн болон гоц ухаантай хүмүүс бий.

Дэлхийд нэрд гарсан Юлий Цезарь, их Александр хаан, Наполеон, Ван Гог, Гэндель зэрэг алдартнууд унадаг өвчтэй байсан.

Тархины хүнд гэмтлээс үүдсэн хүүхдийн насны эпилепсийн үед хүүхдийн сэтгэц, оюун ухааны хөгжил саатаж хоцрох магадлалтай байдаг. Хэрэв өвчтөн удаан хугацаагаар ойр ойрхон унаж татвал түүний оюун ухааны чадвар сулардаг.

Эмийн эмчилгээг оновчтой сонгож чадвал өвчтөний хөдөлмөрийн чадвар төдийгүй зан төрх өөрчлөгдөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Урьд өмнө олон арван жил үргэлжилдэг энэ өвчний үр дагавар хүнд байдаг байсан бол орчин үед эпилепси өвчтэй хүмүүсийн 80%-д нь эмийн эмчилгээ амжилттай хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, уналтын тоо болон эрчим нь эрс буурч, зарим тохиолдолд уналт таталт бүрмөсөн зогсоно.

Ховор тохиолдолд мэс заслын эмчилгээ хийх боломжтой байдаг.